Эрчим хүчний ачаалалтай болон доголдол гарсан үед хэрэглэх цэнэг хураагууртай байхыг үүрэг болголоо
2024-07-25 14:10

Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа.

Уг хуралдаанаар эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах, доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ажлын даалгаварт тусгалаа.

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт цэнэг хураагуурын эзлэх хувь хэмжээ ба эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүч шингээх боломж” сэдвийн хүрээнд хэлэлцжээ.

Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баярмагнай, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ч.Чинбат  нар оролцов.

Асуудлыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны Горимын инженер А.Чойдорж танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар, Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Ц.Өнөрмаа нар байлцав.

Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ.

1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг диспетчерийн зохицуулалтад оруулж чадал, давтамжийн савлалтыг арилгах, эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах, доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх, салхины эх үүсвэрийн хувьд суурилагдсан хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан чадалтай, суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах чадалтай, нэгж циклийн цэнэг алдалтын гүн 90 хувиас багагүй, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт тусгах;

2. Цаашид эрчим хүчний дамжуулах шугамын дамжуулалтын хүчин чадал, шингээх чадварыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт эрчим хүчний системд холбогдох техникийн нөхцөл олгохыг түр хугацаагаар түдгэлзүүлэх;

3. Системд шаардлагатай хүчдэлийн, давтамжийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох компаниудын бизнес төлөвлөгөөнд тусгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: Эрчим хүчний яам