Зуунмод, 2023 оны 10 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд 2022 оны 8 дугаар сараас эхэлсэн дулааны станц барих ажил үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 10 аймгийн төвийн дулаан хангамж сайжруулах төсөл хэрэгжиж байгаа аж.
Уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хийсэн ажлуудын талаар төслийн захирал Б.Нацагнямаас тодруулбал, 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны халаалтын улирал эхлэх хүртэлх 24 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гадна хашаа 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Станцын түр цахилгаан хангамжийн ажил бүрэн дууссан. Ажилчдын түр байр, усан хангамж болон бохир зайлуулах шугам бүрэн дуусч ашиглалтад орсон. Зуухны карказ угсралт, халах гадаргуу угсралтын ажлын хамт 70 хувьтай хийгдэж байна. Гадна дулааны шугам сүлжээнд орох ган хоолой /турба/ 100 хувийн татан авалтыг хийсэн ба ган хоолойн дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн.
Зуухны халах гадаргуугын төхөөрөмж 100 хувь ирсэн. Утаа сорогчийн барилгын суурийн ажил дууссан байдалтай байна. Нүүрс хүлээн авах барилга, нүүрс дамжуулах 1, 2, барилга болон нүүрс бутлуурын барилгын газар шорооны ажил дууссан. Гадна дулааны шугамын /1-р хэлхээ/ зургийн ажил бүрэн хийгдэж магадлалаар орсон гэх зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.
-Ойрын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудаа хуваалцвал?
Эргэлтэт буцламтгай үед шатаах технологийн зуухны усанд шахалт хийх, зуухны элэгдэл болон галд тэсвэртэй бетон цутгалт өрлөг дулаалгын ажлыг хийнэ.
Дулаан дамжуулах /1-р хэлхээ/ 8,6 км шугам сүлжээ угсарч бүрэн дуусган, төлөвлөгөөт графикийн дагуу ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгнө.
Зуунмод дулааны станц нь 10 мвт 3 ширхэг зуух /30 мвт/ 8,6 км дулааны шугам сүлжээ шинээр, зуухны үндсэн барилгаас гадна 2 харуулын байр бүхий 17 обьектоос бүрдэнэ.
https://montsame.mn/mn/read/329860